Эмэгтэйчүүд

Умайн салстын хорт хавдар (Еndometrial cancer)


Тодорхойлолт: Умайн дотор ханыг бүрхэх эдийг умайн салст гэх бөгөөд энэ хэсэгт үүссэн хорт хавдрыг умайн салстын хорт хавдар буюу эндометрийн хорт хавдар гэж нэрлэдэг. Умайн салстын хорт хавдар нь умайн их биений хорт хавдрын ихэнхи хэсгийг эзэлдэг бөгөөд ихэвчлэн 50-65 насныханд элбэг тохиолддог.

 

Шалтгаан: Эрсдлийн гол хүчин зүйл болох эстроген гормоний үзүүлэлт хэт өндөрсөх нь умайн салстыг зузааруулах гол шалтгаан болдог. Төрж байгаагүй болон жирэмслэж байгаагүй эмэгтэйчүүд, сарын тэмдэг хэт эрт ирэх, хэт орой цэвэрших, таргалалт болон урт удаа хугацаанд прогестин агуулаагүй эстроген агуулсан нэмэлт эмчилгээ хийлгэх үед эндометрийн хавдрын эрсдэл нэмэгддэг.

 

Шинж тэмдэг: Умайн хэвийн бус цус алдалт, цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд үтрээний цус алдалт, цэвэршилтийн өмнөх эмэгтэйчүүд хэт их хэмжээний сарын тэмдэг ирэх эсвэл хэвийн бус умайн цус алдалт, үсэрхийлсэн үед хэвлийн доод хэсгийн өвдөлт, хэвлийн урд хэсгээр өвдөх, цусаар шээх, ойр ойр шээх, шулуун гэдэсний цус алдалт, нурууны доод хэсгийн өвдөлтүүд дагалдан илэрдэг.

 

Шинжилгээ оношилгоо: 

- Үтрээний эхо дуран: Умайн салстын хэлбэр болон зузааныг ажиглах

- Умайн салстын эдийн шинжилгээ: Умайн салстыг хусах мэс ажилбар болон дурангаар умайн салстыг ажиглах бөгөөд хавдар сэжиглэгдсэн хэсгээс эдийн шинжилгээ авч оношлодог.

 

Эмчилгээ:

Умайн салстын хорт хавдрын үндсэн эмчилгээ нь мэс засал бөгөөд умайг бүтэн авах болон 2 талын өндгөвч, аарцаг болон гол судасны эргэн тойрны шингэн тунгалагийн булчирхайнуудын хамт авах мэс засал юм. Мэс заслын дараа умайн салстын хавдрын үе шатыг тодорхойлох бөгөөд хавдрын явц болон хавдар дахин давтагдах эрсдэлт хүчин зүйлсийг нарийвчилан харгалзан үзэж мэс заслын дараа нэмэлтээр химийн болон туяан эмчилгээг хийдэг.

 

Явц болон гарах хүндрэл

Умайн салстын хорт хавдар нь ихэвчлэн эрт оношлогддог бөгөөд бусад эрхтэнд үсэрхийлээгүй тохиолдолд мэс заслын дараах амьдрах тавилан сайтай байдаг бол бусад эрхтэнд үсэрхийлсэн тохиолдолд тавилан хамаагүй буурдаг. Мөн умайн салстын хорт хавдрын үед их хэмжээгээр цус алдвал цус багадалт үүсч болно.