Зүрх судасны эмгэг

Зүрхний бах (Angina pectoris)


Тодорхойлолт: Зүрхний бах гэдэг нь титэм судас бөглөрөх юмуу нарийсах эсвэл таталтаас үүдэн зүрхний булчинд хангалттай цусан хангамж дутагдсанаас бий болсон цээжний өвдөлтийг хэлдэг. 

 

Шалтгаан ба шинж тэмдэг

- Тогтвортой бах: Титэм судас нарийсч зүрхний булчинд цусан хангамж буурах нь гол шалтгаан нь юм. Шинж тэмдэг нь ихэвчлэн шатаар өгсөх, гүйх, дасгал хийх, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэгт илрэх ба амрах юмуу нитроглицерин зэрэг эмийн хэрэглэх үед шинж тэмдэг сайжирдаг. Түгээмэл шинж тэмдэг гэвэл цээжний гол хэсгээр дарж өвдөх, цээж дүүрсэн мэт давчдах эсвэл базаж байгаа мэт болох, цээж хатгуулах зэрэг байдаг.

- Тогтворгүй бах: Титэм судасны хурцадмал хам шинжид багтдаг эмгэг бөгөөд тогтвортой байсан товруу задарч түүний дээр бүлэн үүсч үүсэн бүлэн нарийссан судсыг хэсэгчилэн эсвэл бүхэлд нь бөглөснөөс бий болдог. Цээжээр хэзээ өвдөхийг тодорхойлох боломжгүй ба зүрхний шигдээс болох магадлал өндөр байдаг тул зохистой эмчилгээг шууд хийлгэх хэрэгтэй. 

- Принзметал бах: Титэм  судасны түр зуурын агшилт, таталтаас болж үүсдэг зүрхний бах нь маш зовиуртай бөгөөд оройноос өглөөний хооронд шинж тэмдэг илэрдэг. 

 

Оношилгоо

- Зүрхний цахилгаан бичлэг: Зүрхний булчин гэмтэлтэй тохиолдолд хэвийн хэмжээний цахилгаан өдөөлт явагдах боломжгүй тул зүрхний цахилгаан бичлэгээр гэмтэл байгаа эсэхийг шалгадаг. Зүрхний бахтай хүмүүс шинж тэмдэг нь байхгүй үедээ эмнэлэгт ирж шинжилгээ өгөх тохиолдол их байдаг ба энэ үед зүрхний булчин цусан хангамж дутагдаагүй байдаг учраас зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлт илрэхгүй байх нь элбэг бөгөөд нэмэлт шинжилгээ хийгддэг.

- Цээжний рентген зураг: Уушгинаас гадна зүрхний хэлбэр, хэмжээ, гол судасны байдлыг ажиглах боломжтой. 

- Цусны шинжилгээ: Зүрхний эс үхжвэл зүрхний эсийн дотор байсан фермент цусанд урсан орж цусан дахь хэмжээ нь ихэсдэг тул зүрхний шигдээс бий болсон эсэхийг шалгах боломжтой. Зүрхний бах бол зүрхний булчингийн үхжил илэрдэггүй учраас хэвийн хэмжээнд гарч болдог. 

- Ачаалалтай зүрхний цахилгаан бичлэг: Гүйлтийн зам дээр гүйлгэж байгаад зүрхэнд цахилгаан бичлэг хийж зүрх болон судас хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг шинждэг арга юм. Үүгээрээ үндсэн зүрхний цахилгаан бичлэгээр тайван байх үед илрээгүй өвөрмөц өөрчлөлтийг илрүүлэх боломжтой. 

- Зүрхний хэт авиа: Зүрхний ерөнхий үйл ажиллагаа, зүрхний хананы хөдөлгөөний байдал, хавхлаганы бүтэц болон үйл ажиллагааны өөрчлөлт, зүрхний өөрчлөлт, гол артерийн зарим нэг хэсэг, уушгины артерийн эмгэг зэргийг илрүүлдэг шинжилгээ юм. 

- Зүрхний SPECT: Бага хэмжээний цацраг идэвхт изотопыг венийн судсаар тарааж,  тусгай камераар зүрх болонд уушгинд урсаж байгаа цусны урсгалын зургийг дардаг.

- Компьютер томографи (КТ): Цохилж байгаа зүрх болон титэм судасны байдал, шинж төрхийг нарийн шинжилж титэм судсанд тогтсон кальцийн хэмжээг тодорхойлон титэм судасны нарийссан хэмжээ болон төлөв байдлыг оновчтой мэдэж болдог шинжилгээ юм. 

- Титэм судасны ангиографи: Ихэвчлэн гуяны судасаар дамжин нарийн гуурс оруулж тодруулагч тариа тарьж зүрхний титэм судасны нарийсал байгаа эсэхийг шинжилдэг. 

 

Эмчилгээ

- Амьдралын хэв маягаар: Даралтны зохимжит хэмжээ болон сахарын хяналт, тамхи татахаа болих, биеийн жингийн зохицуулалт хийж, холестериний тохиромжтой хэмжээ зэргийг барих.

- Эмийн эмчилгээ: Аспирин, нитроглицерин, бета зогсоогч эм, кальцийн замыг хаагч эм, ангиотензин хувиргагч фермент дарангуйлагч эм, статин эм зэргийг хэрэглэдэг.

- Титэм судасны ангиопластик /PTCA/: Гуя эсвэл гарын артераар катетер титэм судасны нарийссан хэсэгт байлшуулан шаар /бөмбөлөг/ үлээлгэн тэлж, нарийссан судсыг өргөсгөх юмуу дахин нарийсахаас сэргийлж судсан дотор тэлэгч /стент/ тавидаг.

- Судасны залгаас хийх хагалгаа (CABG; Coronary Artery Bypass Graft): Титэм судас нарийсах эсвэл бөглөрсөн тохиолдолд биеийн өөр хэсгийн судсыг ашиглан өөрчлөлттэй хэсгийг тойруулан шинэ зам гаргаж өгдөг мэс заслын арга юм. Эмийн эмчилгээ нөлөөлдөггүй хүнд хэлбэрийн зүрхний бах өвчтэй, зүүн титэм судасны эмгэг хавсарсан 2-3 судасны эмгэгтэй, зүүн титмэн артерийн ховдол/гол/-н салааны эмгэгтэй өвчтөн мөн судасны ангиопластик мэс ажилбар амжилтгүй болсон зэрэг хүмүүст хийж болдог мэс засал юм.