Толгой хүзүүний эмгэг

Бамбай булчирхайн хорт хавдар (Thyroid cancer)

 

Тодорхойлолт: Бамбай булчирхайд үүссэн ургацагыг бамбай булчирхайн зангилаа гэх бөгөөд нийт бамбай булчирхайн зангилааны 5-10% нь хорт хавдар гэж оношлогддог. Бамбай булчирхайн хавдар нь хоргүй хавдараас ялгаатай нь хэмжээ нь томорч ойр орчмын эдүүдэд нэвчих эсвэл тунгалгын зангилаанд болон бусад эрхтэнд үсэрхийлэх боломжтой. 

 

Ангилал: 

· Papillary thyroid cancer – Хөхлөг эсийн өмөн: Хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд өсөлт удаан явцтай бусад ББХХ дотроо тавилан сайтайд тооцогддог.

· Follicular thyroid cancer - Цэврүүт эсийн өмөн: Энэ бамбайн булчирхайн хавдар нь судас руу нэвчих хандлагатай байдаг учраас цусаар дамжин уушиг, яс, тархи зэрэг бусад алсын эрхтнүүдэд үсэрхийлэл үүсгэдэг.

· Hurthle cell carcinoma - Гюртлийн эсийн өмөн: Цэврүүт эсийн өмөн нь судсаар дамжин тархдаг бол энэ хавдар нь тунгалгийн булчирхайн үсэрхийлэл элбэг байдаг. 

· Anaplastic thyroid cancer: Өсөлт хурдан, оношлогдох үед ихэвчлэн мэс засал хийх боломжгүй болсон байдаг. Радио идэвхит иодын эмчилгээ, химийн эмчилгээ, туяа эмчилгээ зэрэг нь бараг үр дүнгүй тавилан муу байдаг. 

· Medullary thyroid cancer - Тархилаг эсийн өмөн: Хүний биеийн кальцийн хэмжээг зохицуулдаг кальцитонин ихээр ялгардаг учир цусан дахь кальцитониныг хэмжих нь оношилгоонд чухал ач холбогдолтой. Зарим өвчтөнд хорт хавдар нь эцэг эхээсээ өвлөгдөн мутацит орсон "РЕТ прото-онкоген" -ээс үүдэлтэй байдаг.

 

Шалтгаан: Цацраг туяанд өртөх, удамшил, иодын дутагдал, бамбай булчирхайн суурь эмгэг

 

Шинж тэмдэг: Ихэвчлэн ямар нэг шинж тэмдэг байдаггүй, ЭХО хийлгэж байгаад санамсаргүй мэдэх тохиолдол байдаг. Өвдөлт өгдөггүй хавдар тул гарт тэмтрэгдэх эсвэл амьсгалахад зовиуртай байх хоол залгихад хүндрэлтэй байх, хоолойны өнгө өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд гарч болдог. 

 

Оношилогоо

· Бамбай булчирхайн ЭХО: Бамбай булчирхайн зангилааны хэлбэрийг шалгах хамгийн чухал шинжилгээ

· Нарийн зүүний хатгалтын эсийн шинжилгээ: Бамбай булчирхайн зангилаа хортой хавдар гэж сэжиглэгдсэн тохиолдолд хийгдэнэ. 

· Бамбай булчирхайн үйл ажиллагааны шинжилгээ: Цусны шинжилгээгээр бамбай булчирхайн ялгаруулдаг даавруудын хэмжээг шалган зангилаанаас нь бамбай булчирхайн даавар ялгарч буй эсэхийг шалгах зорилгоор хийгддэг үндсэн шинжилгээ. 

· Бамбай булчирхайн скан: Бамбай булчирхайн үйл ажиллагаа, бамбай булчирхайн зангилааны төлөв байдлыг тодорхойлдог

· Хүзүүний CT, PET-CT: ойр орчмын эдэд нэвчсэн эсэх, тунгалагийн булчирхай болон бусад эд эрхтэнд үсэрхийлсэн эсэхийг тодорхойлно. 

 

Эмчилгээ

· Мэс заслын эмчилгээ: Хавдрын хэмжээнээс хамааран бамбай булчирхайг бүтнээр нь авах эсвэл хавдар үүссэн дэлбэнг авах гэж 2 ангилдаг. Хавдар тунгалгийн зангилаа руу үсэрхийлсэн байх магадлалтай эсвэл үсэрхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор бамбай булчирхайн ойр байрлах хүзүүний тунгалгийн зангилааг авдаг

· Радио идэвхит иодын эмчилгээ: Мэс заслын дараа радио идэвхит иодыг ууснаар хүзүүний хэсэгт үлдсэн байж болох эсийг (эрүүл болон хорт хавдрын эс) устган хавдрыг дахин үүсэхээс сэргийлнэ. 

· Хими эмчилгээ: ББХХ-ын хувьд химийн эмчилгээ сайн нөлөөлдөггүй тул эмчилгээнд өргөн хэрэглэдэггүй боловч мэс засал болон радио идэвхит иодын эмчилгээ үр дүнгүй үед хэрэглэж болдог.

· Туяа эмчилгээ: Өндөр эрчимт цацраг туяаг төхөөрөмжийн тусламжтайгаар өвчтөний хүзүү болон бамбай булчирхайн хавдар үсэрхийлсэн хэсгийг туяагаар шарж эмчилдэг хэсэгчилсэн эмчилгээний арга юм. 

· Бамбай булчирхайн даавар уух: Бамбай булчирхай авхуулсны дараа дутагдаж байгаа дааврыг нөхөж бамбайг идэвхжүүлэгч дааврын (TSH) хэмжээг өсөхөөс хамгаална. Түүнчлэн хөхлөгт эсийн болон цэврүүт эсийн өмөнгийн өсөлтийг дарангуйлах үйлчилгээтэй байдаг.