Шилжүүлэн суулгах

Бөөр шилжүүлэн суулгах (Kidney transplantation)


Тодорхойлолт

Бөөрний архаг дутагдлаас болж бөөр гэмтэх эсвэл бөөрний үйл ажиллагаа доройтсон үед түүнийг нөхөн орлуулахын тулд бусдын эрүүл бөөрийг шилжүүлэн суулгадаг мэс заслыг хэлнэ. Бөөрний дутагдал эцсийн шатандаа орсон өвчтөний хувьд гемодиализ, хэвлийн диализ хийж бөөрний үйл ажиллагааны зарим нэг хэсгийг орлуулж болох боловч хамгийн төгс эмчилгээний арга нь бөөр шилжүүлэн суулгах юм.

 

Өөр хүний эрхтэн шилжүүлэн суулгах (allogeneic transplantation) аргын төрөл:

- Амьд донороос шилжүүлэн суулгах (living donor transplantation): Амьд донор бөөрөө хандивлах үед шилжүүлэн суулгаж байгаа тохиолдолд 

- Амьгүй донор буюу тархи нь үхэжсэн (кадавер) донороос шилжүүлэн суулгах (deceased donor transplantation): Тархины үхжилтэй донорын бөөрийг авч суулгаж байгаа тохиолдолд

 

Бэлдэх зүйл

Цусны бүлэг, цагаан эсийн эсрэг антиген (HLA), С реактив уураг зэргийг шинжин донор болон өвчтөн хоорондох дархлааны нийцтэй байдлыг шалган судлаж, бөөр шилжүүлэн суулгасны дараа дархлаа дарангуйлах эм хэрэглэх өвчтөн болон бөөрөө өгсний дараах донорын эрүүл мэндийг хянахын тулд янз бүрийн шинжилгээнүүдийг хийдэг. Донор болон өвчтөн бүгд анагаах /эрүүл мэнд/-н хувьд асуудалгүйг шалгасны дараа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг.

 

Мэс засал хийх аргачлал

- Донорын мэс засал: Мэс заслын арга нь ерөнхийдөө хавирганы доогуур зүсэлт хийж нээх болон хэвлийн дуран ашиглан хийх арга байдаг.

- Өвчтөнд хийгдэх мэс засал: Донороос салган авсан бөөрийг артер, вен, шээлүүрийн хамт реципиент /бөөр авагч/-н хэвлийн доод хэсэгт байрлах судас болон давсагтай шинээр холбоно. Ер нь бол өвчилсөн бөөрийг авдаггүй. 

 

Мэс заслын дараах хяналт

Мэс заслын дараа шилжүүлэн суулгасан бөөрний эсэргүйцэх урвал бий болохоос урьдчилан сэргийлэхийн тулд тогтсон цагт тохирсон хэмжээний дархлаа дарангуйлагч байнга уух хэрэгтэй бөгөөд үүнээс болж биеийн эсэргүүцэл муудах ба халдвар авахгүй байхад анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн ямар нэгэн шинж тэмдэг байхгүй ч гэсэн дархлаа дарангуйлагч эмийн цусан дахь хэмжээг тогтоож зохицуулалт хийхийн тулд амбулаторийн үзлэг, шинжилгээ шаардлагатай. Өндөр халуурах /38°С-с дээш/, оёдлоор өвдөх, шээсний хэмжээ огцом бууралт болон хаван, биеийн жингийн өсөлт зэрэг шинж тэмдэг бий болвол шууд эмнэлэгтэй холбогдон ирж үзүүлэх хэрэгтэй.