Хорт хавдар

Улаан хоолойн хорт хавдар (Esophageal cancer)


Тодорхойлолт: Улаан хоолойн хорт хавдар гэдэг нь улаан хоолойд үүссэн хавдрыг хэлдэг бөгөөд байрлалаас хамааран улаан хоолойн хүзүүний хавдар (мөгөөрсөн хоолойн араар байрладаг), цээж хэсгийн улаан хоолойн хавдар, ходоод улаан хоолойн уулзвар хэсэг болох хэвлийн улаан хоолойн хавдар гэж 3 ангилдаг.

Улаан хоолойд гэдэсний хучуур эс байхгүй тул хавдар үүссэн тохиолдолд амархан улаан хоолойн ханнаас хальж эргэн тойрны эрхтэнд үсэрхийлэх боломжтой байдаг. Түүнчлэн улаан хоолойн булчингийн давхарга нь артер, вен, тунгалгийн судсаар баялаг учраас хавдрын эс үүгээр дамжин улаан хоолойн эргэн тойронд байрлах тунгалагийн зангилааруу үсэрхийлэх эсвэл бусад эрхтэнд үсэрхийлэх боломжтой.

 

Эрсдэлт хүчин зүйлс

· Нас: 60~70 насанд ихэвчлэн тохиолддог

· Архи · Тамхи

· Хооллох зуршил: нүүрс усны хэрэглээ өндөр, амьтны гаралтай уураг, хүнсний ногоо, жимс жимсгэний хэрэглээ багатай буруу хоолны дэглэм, А, С, Е, ниацин (B3) зэрэг витамины дутагдал, шарсан хайрсан хоолонд агуулагддаг нитросамин нь хорт хавдар үүсгэгч бодис агуулдаг.

Хавдрын өмнөх шатны өвчин эмгэг: Пламмер-Винсоны хам шинж (Plummer-Vinson syndrome), Барреттын өвчин, улаан хоолойн нарийсал (esophagus stenosis), улаан хоолойн ахалаз (улаан хоолойн агшилт), улаан хоолойн уутанцар зэрэг өвчин эмгэг нь улаан хоолойн хавдар үүсэх хүчин зүйл болж болдог тул тогтмол ажиглалт шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй.

 

Шинж тэмдэг

Улаан хоолой нь сунах чадвар сайтай тул улаан хоолойн хорт хавдрын эхэн шатанд нь ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг. Хавдрын хэмжээ аажмаар томорч улаан хоолойн дотор зам нарийссанаар хоол залгихад хэцүү болсноор шинж тэмдэг илэрдэг. Хоол идэхэд хүндрэлтэй болж, идэх хэмжээ ч аяндаа буурснаар жингийн алдагдал, хоол тэжээлийн дутагдал хавсардаг.

Оношлогоо болон шинжилгээ

· Улаан хоолойн ангиографи: Рентген туяанд нэвчдэггүй тодосгогч бодисыг уусны дараа улаан хоолойн салст дээрх тодосгогч бодисын нэвчсэн байдлыг ажиглах шинжилгээ

· Улаан хоолойн дуран: Дурангийн тусламжтай улаан хоолойн хавдрыг шууд харж хавдрын байршил, хэмжээ, хэлбрийг тодорхойлон эдийн шинжилгээ хийж оношлодог.

· Улаан хоолойн хэт авиан дуран: ЭХО-той дуранг улаан хоолойруу оруулан улаан хоолойн хананы цаана байрлах хорт хавдрын тархалтын хэмжээг нарийвчлан мэдэх боломжтой.

· Бронкоскоп буюу гуурсан хоолойн дуран: Улаан хоолойн хавдартай өвчтөн төвөнх, мөгөөрсөн хоолой, гуурсан хоолойд хавдар үүсэх магадлалтай өндөр байдаг тул мэс заслын өмнө бронкоскоп хийдэг.

· Цээж, хэвлийн компьютер томографи: Улаан хоолойн хорт хавдрын байршил тогтоох, ойр орчмын эдэд нэвчилт байгаа эсэхийг тогтоох, цээж, хэвлийн хөндий дэх тунгалагийн булчирхай болон биеийн бусад эрхтэнд үсэрхийлэл бий эсэхийг шалгахад ашигладаг.

· Ясны скан: Улаан хоолойн хорт хавдрын ясны үсэрхийллийг оношлох

· Позитрон эмиссийн томографи/ компьютер томографи (PET/ CT): Хорт хавдрын үсэрхийлэл үүссэн хэсгийн анатомийг байршлыг тодорхойлох боломжтой


Эмчилгээ

· Мэс заслын эмчилгээ: Цээжний нээлттэй мэс заслын тусламжтай улаан хоолойг авч хүзүү, хэвлий, голт цээжний хөндийн тунгалагийн зангилааг авдаг хавдрын стандарт мэс заслын арга юм. Улаан хоолойг авсны дараа амаараа хоол идэхэд нь туслах зорилгоор улаан хоолой ходоодны уулзвар хэсгийг холболтын нөхөн сэргээх мэс засал хийдэг. Гэхдээ эхэн үеийн хавдрын үед зөвхөн улаан хоолойн салстаар хязгаарлагдсан хавдар байгаа тохиолдолд мэс засал хийлгүй ходоодны дурангийн тусламжтай салстын хусч авах эмчилгээ хийж болдог.


· Химийн эмчилгээ: Улаан хоолойн хорт хавдар биеийн бусад хэсэгт үсэрхийлсэн үед химийн эмчилгээг хийгддэг боловч ихэвчлэн мэс засал эсвэл туяа эмчилгээний аргыг хэрэглэгдэг.

 

· Туяа эмчилгээ: Ясанд үсэрхийлэл үүссэнээс үүдсэн өвдөлт, тархинд үсэрхийлэл үүссэнээс мэдрэлийн гаралтай зовиурууд илрэх, тунгалагийн зангилаад үсэрхийлснээс мөгөөрсөн хоолойн нарийсал үүссэн амьсгал давхцах, цустай цэр гарах зэрэг тохиолдолд туяа эмчилгээ хийгддэг.