Хорт хавдар

Давсагны хорт хавдар (Bladder cancer)


Тодорхойлолт : Давсаг нь ялгарсан шээсийг хадгалж, биенээс гадагшлуулах үйл ажиллагаатай бөгөөд энэ эрхтэн тогтолцоонд үүссэн хорт хавдрыг давсагны хорт хавдар гэнэ.

 

Хавдрын явцаас шалтгаалах ангилал 

• Нэвчилт явагдаагүй давсагны салст бүрхэвчийн хорт хавдар: Давсагны салст бүрхэвч болон салстын доод давхаргад үүсдэг хорт хавдар бөгөөд дурангаар хавдрын голомтыг бүрэн авах боломжтой үе шат 

• Давсагны булчингийн давхаргад нэвчилттэй хорт хавдар: Хорт хавдрын эс давсагны булчингийн давхарга болон түүнээс цааш нэвчилттэй үе шат

• Үсэрхийлсэн хорт хавдар: Давсагны хорт хавдар биеийн өөр эд эрхтэнд үсэрхийлсэн үе шат

 

Давсагны дотор хананд байх уротелиал эсийн хорт хавдар нь шилжвэр эсийн хавдарт хамаарах ба давсагны хорт хавдрын хамгийн өргөн тохиолддог хэлбэр (80-90%) юм.

Хучуур эсийн хорт хавдар нь давсагны дотор талын нимгэн, хавтгай эсээс үүсэлтэй.

Булчирхайлаг эдийн хорт хавдар нь цөөн тохиолддог, давсагны салс ялгаруулдаг эсээс үүснэ.

 

Шинж тэмдэг :

Цустай шээх, хэт ойр ойрхон шээх, шээх үеийн өвдөлт, шээс алдах

 

Шинжилгээ оношилгоо: 

• Шээсний ерөнхий болон эсийн шинжилгээ: Шээсний шинжилгээ хийгдэж улаан эс болон үрэвсэлийн эс илэрч байгаа эсэхийг шалгадаг. Шээсний эсийн шинжилгээ эерэг гарах нь бөөрний тэвшинцэрийн, шээлүүрийн, давсагны болон түрүү булчирхайн шээсний сүвний аль нэг хэсэгт (Transitional epithelial cell carcinoma) хучуур эдийн хорт хавдар байгааг илэрүүлдэг.

• Давсагны дуран шинжилгээ: Шээсний сүвээр уяан дуран дамжуулан давсаганд хүрч давсагны дотор талыг хардаг.

• Шээсний сувгын тодосгогчтой зураг: (excretory urography) Бөөрний тэвшинцэрээс давсаг хүртэл шээлүүрийг тодосгогч бодис ашиглан харах бөгөөд цустай шээж байгаа шалтгааныг олох зорилгоор хийгддэг.

• Хэвлийн хөндийн хэт авиан эхо: Давсаг болон бөөрний тэвшинцэр, шээлүүрийн дээд хэсгийг харах боломжтой.

• Комьпютер томограф (КT): Хорт хавдрын эс давсаг орчмын эд эсэд хэр зэрэг нэвчсэн цар хүрээг тодорхойлохоос гадна тунгалагийн булчирхай зангилаанд томролт байгаа эсэх өөр эрхтэнд үсэрхийлэл байгаа эсэхийг тодорхойлдог.

• Соронзон резонансын дүрслэл (MRI): Давсагны хорт хавдар бусад эрхтэнд үсэрхийлэл байх болон аарцагны ясанд үсэрхийлэл байх магадлалтай үед хийгддэг.

• Ясны скан: Хорт хавдрын эс давсагны булчингийн давхаргад нэвчсэн байгаад давсагыг бүтэн тайрч авах мэс засал хийгдэхийн өмнө ясанд хавдрын үсэрхийлэл байгаа үгүйг тодорхойлох зорилгоор хийгддэг.

 

Эмчилгээ

• Шээсний сүвээр дамжуулан давсагны хавдрыг дурангаар тайрч авах мэс засал: (transurethral resection of bladder tumor) Мэдээгүйжүүлэлт хийгдсэний дараа шээсний сүвээр уяан дуранг оруулан хавдрыг тайрч авах мэс заслын арга юм. Харагдах голомтыг бүрэн авахаас гадна нэвчилт байх магадлал дээр үндэслэн булчингийн давхаргыг мөн хамт авахын зэрэгцээ эдийн шинжилгээр булчингийн давхаргад хорт хавдрын нэвчилт хэр зэрэг байгааг тодорхойлон үздэг.

• Давсаганд шууд тарилга хийх эмчилгээ: Химийн тариаг шингэлэн давсаганд шууд тарих эмчилгээний арга болон BCG вакциныг (сүрьеэгийн) давсаганд шууд тарих дархлаа эмчилгээний арга бас байдаг.

• Давсаг бүтэн тайрч авах мэс засал: (radical cystectomy) Эрэгтэйчүүдэд давсаг бүтэн тайрч авах мэс засал хийгдэх тохиолдолд давсаг, аарцагны тунгалагийн булчирхай, түрүү булчирхай, үрийн цэврүү зэрэг эрхтэнгүүдийг цугт нь авдаг бөгөөд хэрэв түрүү булчирхайд нэвчсэн байх юм бол шээсний сүвийг бас хамт авдаг. Эмэгтэйчүүдийн хувьд шээсний сүв, умай, өндгөвчийг давсагны хамт тайрч авдаг.

Шээсний зам өөрчлөх ажилбар : Давсагыг бүтэн тайрч авснаар шээсийг хуримтлуулан хадгалах, гадагшлуулахын тулд нарийн гэдсээр хиймэл давсаг хийж орлуулах мэс засал хийж өгдөг.

• Химийн эмчилгээ: Давсагны хорт хавдар бусад эд эрхтэнд үсэрхийлэлтэй үед химийн эмчилгээ хийгддэг.