Хорт хавдар

Арьсны хорт хавдар (Malignant melanoma)


Тодорхойлолт: Меланин эсийн хорт өөрчлөлтөөс болж үүсдэг ба ихэвчлэн арьсан дээр бий болдог боловч нүд, чих, ходоод гэдэс, уруул, бэлэг эрхтэний салст дээр ч үүсч болдог. Арьсны хорт хавдар дотроос хамгийн аюултай хэлбэрийн хорт хавдар юм. 

 

Шинж тэмдэг: Тэгш бус (Asymmetry), жигд бус (Border irregularity), янз бүрийн өнгөтэй (Color variegation), диаметр (Diameter) нь 6мм-с их байвал меланома байх магадлалтай. Түүний гадна хар мэнгэ шинээр бий болох эсвэл угаасаа байсан мэнгэний хэлбэр, хэмжээ, өнгө нь өөрчлөгдөх, загатнах, хорсох, өвдөлт бий болох, цус гарах, шархлах, тавтай үүсэх мэтийн гаднах байдлын өөрчлөлт ажиглагдах юмуу урьд нь байсан өөрчлөлтийн ойр орчимд өөрчлөлт бий болвол эхлээд хорт байж болохыг сэжиглэх хэрэгтэй. 

 

Шалтгаан: Удамшил, нарны хэт ягаан туяа мэт хүрээлэн буй орчны нөлөө зэрэг хүчин зүйлсийн нийлмэл байдаг. Удамшсан меланома нийт өвчтөний 10-15% эзэлдэг бол тухайн гэр бүлд нэг үеийн өвчтөн байвал бий болох магадлал нь 2дахин өндөр болно. Мөн өнгөт арьстанаас илүү цагаан арьстангуудад илүү их тохиолддог ба тэр дотроо цагаан арьс, цэнхэр нүд, шар болон улаан үстэй, ялангуяа гадаа хээр цагийг их өнгөрөөдөг хүмүүс арьсны хорт хавдар тусах магадлал маш өндөр байдаг. 

 

Оношилгоо: Меланома байх магадлалтай бол арьсны эдийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Оношлох зорилгоор хийж байгаа шинжилгээ байсан ч боломжтой бол бүхэлд авах зүйтэй ба салган авах боломжгүй тохиолдолд хамгийн зузаан хэсэг юмуу эсвэл хамгийн гүн хар хэсгээс авч шинжилнэ.

 

Эмчилгээ

- Мэс заслын эмчилгээ: Хүндрээгүй тохиолдолд голомтыг тайран авч түр зуур оёх юмуу хэрэв хэт том бол арьс шилжүүлэн суулгах шаардлагатай болдог. Хавдар үе мөчний ойр байвал хавдрыг авсны дараа шөрмөс, мэдрэл, судас, яс зэрэг ил гарсан үед зөөлөн эд нөхөн сэргээх мэс засал хийдэг. Үсэрхийлэл байгаа эсэхийг шалгахын тулд ойролцоох тунгалгийн булчирхайнаас эдийн шинжилгээ авах тохиолдолд их бий.

- Хими эмчилгээ: Үсэрхийлсэн эсвэл хүндэрсэн меланомаг эмчлэхийн тулд DTIC (Dacarbazine), Cisplatin, Vinblastine, BCNU, taxol зэрэг эмнүүдийг хэрэглэдэг.

- Туяа эмчилгээ: Яс юмуу мэдрэлийн тогтолцоонд үсэрхийлсэн тохиолдолд шинж тэмдэг бууруулахын тулд хэрэглэнэ.