Хорт хавдар

Цөсний хүүдийн болон цөсний сувгийн хорт хавдар (Gallbladder cancer, cholangiocarcinoma)

Тодорхойлолт: Цөсний хүүдий болон цөсний сувгийн хорт хавдар нь цөсний урсгалын тогтолцоонд үүсдэг хорт хавдар бөгөөд ихэнхдээ булчирхайлаг хавдар байдаг ба байрлалаас нь шалтгаалан цөсний хүүдий болон цөсний сувгийн хорт хавдар гэж ангилдаг.

 

Төрөл: Цөсний хүүдий нь цөсөнд үүссэн хавдарын эсээс тогтсон хатиг бол цөсний сувгийн хорт хавдар нь цөсний сувгийн дотор хучуур эсээс бүрдсэн хавдар байдаг ба байрлалаас шалтгаалан элэгний дотор талын цөсний сувгийн хавдар, элэгний гадна талын цөсний сувгийн хавдар гэж 2 ангилна. 

 

Эрсдэлт хүчин зүйлс: Цөсний суваг бөглөрөх (stasis), шимэгч хорхойгоос үүдэлтэй элэг цөсний сувгийн бэтэг, цөсний суваг тэлэгдэлтэй хавсарсан төрөлхийн гажиг, цөсний сувгийн хатуурлаас үүдэлтэй анхдагч цөсний сувгийн үрэвсэл, архаг шархлаат гэдэсний үрэвсэл, цөсний сувгийн хавдрыг өдөөгчид (резин болон машины үйлдвэр) өртөх, хоргүй ургацагны удамшил, төрөлхийн элэгний шохойжилт зэрэг.

 

Шинж тэмдэг: Эхний үед ямар нэг шинж тэмдэг байдаггүй, зарим тохиолдолд жин буурах, ядрах, дотор муухайрах, бөөлжих, хэвлийн баруун дээд хэсэг болон аюулхайны доод хэсгээр өвдөх, шарлах зэрэг шинж тэмдэг илэрнэ. 

 

Шинжилгээ оношилгоо:

· ЭХО: ургацаг болон хавдар, цөсний сувгийн тэлэлт, элэгний үсэрхийлэл зэргийг шалгах боломжтой.

· Компьютер томограф (CT): хавдрын нэвчилт, элэгний нэвчилтийн хэмжээ, мэс заслын хамрах хүрээх тодорхойлох, тунгалагийн зангилааны томрол, элэгний үсэрхийлэл, үүдэн вен болон артерийн судсанд нэвчилт байгаа эсэхийг тодорхой мэдэх боломжтой.

· Соронзон резонансын холангиопанкреатографи (MRCP): цөсний сувгийн тэлэлт, өвчлөлтэй хэсгийн байршил, ойр орчмын эдэд нэвчсэн эсэхийг оношлоно.

· Дурангийн хэт авиан шинжилгээ (EUS): Салст бүрхэвч эсвэл булчингийн давхаргын цөсний хорт хавдрыг эрт оношлоход тусалдаг.

· Дурангаар цөс, нойр булчирхайн замыг сэтгүүрдэх ангиографийн шинжилгээ, эмчилгээ (ERCP): Дуранг улаан хоолой, ходоодоор дамжуулан 12 нугалаа гэдэс хүртэл явуулж цөсний сувгийн наалдац, бөглөрлийг шууд харж оношлоход чухал ач холбогдолтой шинжилгээ бөгөөд шаардлагатай тохиолдолд цөсний сувганд гуурс тавих эмчилгээг хамтад нь хийх боломжтой.

· Позитроны эмиссийн томограф (PET): Бусад шинжилгээнд харагдахгүй өвчлөл болон хавдрын үсэрхийлэлтэй эсэхийг шалгах боломжтой.

 

Эмчилгээ:

· Мэс заслын эмчилгээ: Хорт хавдрын эс цөсний хүүдийн салст бүрхэвч эсвэл булчингийн давхаргаар хязгаарлагдаж буй тохиолдолд цөсний хүүдий авах мэс заслыг хийдэг бөгөөд даамжирсан цөсний сувгийн хавдрыг элэгний зарим хэсэг болон ойролцоох тунгалагийн зангилааны хамт авдаг. Хавдрын хэмжээ илүү өргөн хүрээтэй байгаа тохиолдолд элэг нойр булчирхай 12 нугалаа гэдэс авах мэс засал хийгддэг. 

· Химийн эмчилгээ: Химийн эмчилгээ нь хавдар үсэрхийлж мэс засал хийх боломжгүй болсон тохиолдолд мөн мэс заслын дараа үлдсэн хавдрын эсийн өсөлтийг зогсоох зорилгоор хийгддэг. 

· Туяа эмчилгээ: Мэс заслаар хавдрыг бүрэн авах боломжгүй болон хэсэгчилсэн байдлаар хавдар үүссэн ч мэс засал хийх боломжгүй бөгөөд  үсэрхийлэл үүсээгүй үед туяа эмчилгээ хийгддэг.