Хорт хавдар

Нойр булчирхайн хорт хавдар (Pancreatic cancer)

Тодорхойлолт: Нойр булчирхайн хорт хавдар нь хоол боловсруулах ферментийг ялгаруулагч нойр булчирхайд үүсдэг хавдар бөгөөд 90% дээш хувь нь нойр булчирхайн сувгийн гадаад шүүрлийн эсээс үүсдэг. Ерөнхийдөө нойр булчирхайн хорт хавдрыг нойр булчирхайн сувгийн аденосаркинома ч гэж нэрлэдэг. Аденосаркинома гэдэг нь булчирхайн эсээс үүсдэг хорт хавдар юм. 

 

Төрөл: Хоргүй хавдар (уйланхай) болон хортой хавдар гэж 2 ангилдаг. Хоргүй хавдар дотроо хоргүй байж байгаад хортой болж хувирдаг тохиолдол байдаг. 

· Нойр булчирхайн уйланхай

- Шүүслэг ууланхай (serous cystadenoma): эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог хавдар болох магадлал маш бага

- Салстын ууланхай (mucinous cystic neoplasm): эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог нойр булчирхайн сүүл хэсэгт их үүсдэг хортой болох эрсдэлтэй тул зөв оношлох нь чухал байдаг

- Нойр булчирхайн доторх хөхлөгт салст бүрхүүлийн неоплазм (intraductal papillary mucinous neoplasm, IPMN): хоргүйгээс хортой хүртэл олон янз байдаг. Хортой байсан ч нойр булчирхайн сувгийн аденосаркиномагаас илүү тавилан сайн байх тохиолдол байдаг. 

-Хатуу псевдопапиляр тумор (solid pseudopapillary tumor): Нойр булчирхайн ууланхайн 5%-аас бага хувийг эзэлдэг, ихэнхдээ залуу эмэгтэйчүүдэд тохиолддог. Хортой болох магадлалыг үгүйсгэдэггүй тул эхлээд мэс заслын эмчилгээ хийгддэг.

· Нойр булчирхайн хортой хавдар

- Нойр булчирхайн сувгийн булчирхайлаг хавдар (pancreatic ductal adenocarcinoma): Нойр булчирхайн хавдарын 85~90%-ийг эзэлдэг хамгийн элбэг байдаг хавдар юм. 60~80 насны эрэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог ба заримдаа цөсний суваг болон 12 нугалаа гэдэсний түгжрэл, хэвлий хэсгээр өвдөлтийг үүсгэж болно.

- Ацинар эсийн хавдар (acinar cell carcinoma): Нойр булчирхайн гадаад шүүрлийн хавдрын 1-2%-д тохиолддог ховор хавдар бөгөөд дунд болон ахимаг насны эрэгтэйчүүдэд их тохиолддог.

- Мэдрэл дотоод шүүрлийн хавдар (neuroendocrine tumor): 100,000 ний 1д  тохиолддог маш ховор төрөл ба ихэвчлэн даавар ялгаруулдаггүй үйл ажиллагааны бус гаралтай хавдар юм

 

Эрсдэлт хүчин зүйлс

Нойр булчирхайн хавдар амархан үүсэх нөлөөлдөг хүчин зүйлст 45-аас дээш нас, эрэгтэй, тамхи, толгой хүзүү болон уушги түүнчлэн давсагны хорт хавдар тусч байсан, архаг чихрийн шижин, өөх тостой, илчлэг ихтэй хоол хүнсний хэрэглэх, туяа эмчилгээ, химийн хорт бодис зэрэг орно. Сүүлийн үед архаг нойр булчирхайн үрэвсэл болон зарим удамшлын гаралтай эмгэгтэй тохиолдолд нойр булчирхайн хавдар үүсч болно гэж үзэж байна. 

Шинж тэмдэг

Ихэнх нойр булчирхайн хавдартай өвчтөнд хэвлийгээр өвдөх болон биеийн жин буурдаг. Хавдар нойр булчирхайн толгой хэсэгт үүссэн өвчтөнд ихэвчлэн шарлалт ажиглагддаг. Нойр булчирхайн хавдрын 60~70% хувь нь толгой хэсэгт үүсдэг ба залгаа байрладаг цөсний сувгийн бөглөрөлөөс үүдсэн шинж тэмдгүүд зонхилдог. Нойр булчирхайн их бие хэсэг эсвэл сүүл хэсгийн хавдар нь эхэн үедээ ямар нэг шинж тэмдэг байдаггүй учраас хожуу оношлогдох тохиолдол байдаг. 

 

Үзлэг, оношилгоо

· Цусны шинжилгээ

Шарлалт үүссэн тохиолдолд билирубин, шүлтлэг фосфатаза (alkaline phosphatase), гамма-глутамил трансфераз (GGT) үзүүлэлт нэмэгдэж болно. Шарлалтын шалтгаан нь цөсний сувгийн бөглөрөл үүсгэдэг өөр өвчин байж болзошгүй тул нарийн шинжилгээ хийх шаардлагатай. 

· Хавдрын маркерын шинжилгээ

Нойр булчирхайн хорт хавдрын хамгийн түгээмэл хэрэглэгддэг шинжилгээ нь CA (carbohydrate antigen)19-9, өвөрмөц шинж чанар бага бөгөөд хоол боловсруулах тогтолцооны хавдрын үед эсвэл өөр бусад өвчнөөс шалтгаалан үзүүлэлт өсөх боломжтой. Тиймээс хавдрыг эрт оношлоход ашиглах боломжгүйч нойр булчирхайн хорт хавдрын тавилан болон эмчилгээний дараах ажиглах шинжилгээнд ашиглана.

· Хэвлийн ЭХО

Өвчтөнд өвдөж зовиурласан эсвэл шарлалттай байх тохиолдолд цөсний чулуунаас ялгах үүднээс эхний шатны шинжилгээгээр хийнэ. 

· Хэвлийн хөндийн компьютер томограф (CT)

Нойр булчирхайн хорт хавдрын явцыг оношлоход зайлшгүй шаардлагатай шинжилгээ бөгөөд шарлалттай өвчтний хувьд нойр булчирхайн хавдар сэжиглэгдэж байвал эхлээд СT хийлгэхийг эхлээд зөвлөдөг. 

· Соронзон резонансын дүрслэл (MRI)

Нойр булчирхай болон цөсний сувгийг ажиглахад маш үр дүнтэй. MRI нь элэгний үсэрхийллийг нарийн сайн харах боломж олгодгоороо давуу талтай байдаг. СT шинжилгээний хариу баттай биш тохиолдолд MRI хийх нь оношилгоонд чухал үүрэгтэй. 

· Дурангаар цөс, нойр булчирхайн замыг сэтгүүрдэх ангиографийн шинжилгээ, эмчилгээ (ERCP endoscopic retrograde cholangiopancreatography): 

Дуранг улаан хоолой, ходоодоор дамжуулан 12 нугалаа гэдэс хүртэл явуулж цөсний сувгийн наалдац, бөглөрлийг шууд харж оношлоход чухал ач холбогдолтой шинжилгээ бөгөөд шаардлагатай тохиолдолд цөсний сувганд гуурс тавих эмчилгээг хамтад нь хийх боломжтой.

· Дурангийн хэт авиан шинжилгээ (EUS - endoscopic ultrasound): 

ЭХО-ны аппарат холбогдсон дуранг ходоодоор дамжуулан оруулж 12 нугалаа гэдэс хүртэл явуулаад нойр булчирхайг дурангийн ЭХО-аппаратаар дамжуулан харах боломжтойгоор гадна шаардлагатай тохиолдолд нойр булчирхайгаас эдийн шинжилгээ авах боломжтой. 

· Позитроны эмиссийн томограф (PET): Хавдрын үсэрхийлэл болон мэс заслын дараа хавдар дахин үүссэн эсэхийг шалгах хавдрын намжилтыг шалгах зорилгоор ашиглана.

 

Эмчилгээ: мэс засал, химийн эмчилгээ, туяа эмчилгээ гэсэн гурван төрлийн эмчилгээ хийгддэг ба үүнээс дан ганц нэг эмчилгээг сонгох эсвэл хосолсон байдлаар эмчилгээ хийх тохиолдол байдаг. 

· Мэс заслын эмчилгээ: Хорт хавдар нь нойр булчирхайгаар хязгаарлагдсан үед хийгдэнэ. Хавдрын байршлаас хамаарч аль хэсгийг авах нь шийдэгддэг. Хавдар нь нойр булчирхайг бүхэлд нь хамарсан бол нойр булчирхайг бүхэлд нь авна. Толгой хэсэгт байрласан бол Whipple-ын арга эсвэл ходоодны 12 нугалаа гэдэстэй холбогддог хэсгийг хадгалж нойр булчирхай 12 нугалаа гэдсийг авах мэс засал хийгддэг. Сүүл хэсэгт байгаа тохиолдолд хавдар үүссэн хэсгийг тайрч авах Дистал нойр булчирхайн хавдар авах мэс засал (distal pancreatectomy) хийгдэнэ. 

· Химийн эмчилгээ: Олон төрлийн химийн эмчилгээ үр дүнтэй байдаг ходоод, уушги, хөхний хорт хавдраас ялгаатай нь нойр булчирхайн хорт хавдар үр дүнтэйд тооцогддог химийн эм цөөхөн байдаг. Үүнд 5-FU, гемцитабин (gemcitabine) зэрэг эмийг хэрэглэдэг.

· Туяа эмчилгээ: Нойр булчирхайн хорт хавдартай өвчтөнүүдийн дунд 40% орчим мэс засал хийгдэх боломжгүй боловч үсэрхийлэл үүсээгүй тохиолдол байдаг. Эдгээр өвчтөнд туяа эмчилгээ хийх боломжтой. Химийн эмчилгээтэй туяа эмчилгээг хавсарч хийвэл амьдрах хугацааг уртасгадаг тохиолдол их байдаг. Мөн мэс засал хийх явцдаа туяагаар шарах боломжтой. Энэ нь эргэн тойрны эдийн гэмтлийг хамгийн бага байлгахын зэрэгцээ хорт хавдрын эсэд их хэмжээний туяагаар шарах боломжтой.