Хорт хавдар

Ходоодны дурангаар салст хуулж, хорт хавдрыг авах ажилбар (ESD)

Дурангийн аргаар салст хуулж, ходоодны хорт хавдрыг авах мэс ажилбар гэдэг нь?

Ходоодны эрт үеийн хорт хавдрын дотроос зөвхөн салст бүрхэвчинд байрлах, 2см-с бага хэмжээтэй, эсийн өөрчлөлтийн төлөв байдал сайтай хавдрыг дурангийн аргаар салгаж авах арга юм. Аргачилал нь голомтын яг доод хэсэгт давсны уусмал шахан тарьж ходоодны салст бүрхэвчийг хөөлгөөд, дурангийн багаж ашиглан хавдрыг авах байдлаар хийгддэг. Мэс ажилбараас хойш 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарах боломжтой.

 

Ямар тохиолдолд дурангийн аргаар салст хуулж, ходоодны хорт хавдрыг авах мэс ажилбар хийлгэж болох вэ?

Эрт үеийн ходоодны хорт хавдрын ихэнх нь салст бүрхэвчинд үүсч, дээшээ чиглэлтэй ургадаг бөгөөд зарим нэг нь салстын давхарга юмуу эсвэл булчингийн давхарга руу нэвчин ургадаг. Энгийн дурангаар зөвхөн ходоодны салст бүрхэвчийг л харах боломжтой байдаг бол хэт авианы дуран нь хэт авиан үүсгэгч аппарат суурилагдсан байдаг тул салстын давхарга болон булчингийн давхарга, тунгалагийн зангилаа мөн түүний ойр орчмын эд эрхтэнг хүртэл ажиглах боломжтой. Тиймээс ходоодны хорт хавдрын нэвчшилтийн хэмжээг аль давхарга хүртэл нэвчсэнийг мэдэх боломжтой байдаг. Энэ мэтчилэн аргаар салстын хорт хавдар илэрсэн тохиолдолд хуулж салгаж авах ажилбарыг хийдэг. Дурангийн аргаар салст хуулж, ходоодны хорт хавдрыг авах мэс ажилбар /Endoscopic submucosal dissection/ нь дуран ашиглан ходоодны өөрчлөлттэй хэсгийг тайрч авдаг учраас ойролцоох тунгалагийн зангилаанд үсэрхийлээгүй байх магадлалтай тохиолдолд л хэрэглэгддэг эмчилгээний арга юм.

 

Энэ мэс ажилбарын давуу тал нь юу вэ?

- Мэдээгүйжүүлэг хийхгүй, зүсэлт хийж нээдэггүй тул энэхүү мэс ажилбараас үүдэлтэй хүндрэл бараг байхгүй бөгөөд дурангийн өрөөнд нойрсуулагч тариулж хийгддэг ч үр дүн нь нээлттэй мэс засал хийлгэснээс их ялгаа гардаггүй.

- Мэс засал хийвэл ходоодыг тайрснаас болж нэг дор хангалттай идэж чадахгүйгээс гадна хоолны шингэц мууддаг бол дурангийн мэс ажилбар хийсэн тохиолдолд ходоодны үйл ажиллагааг бараг хэвээр үлддэг давуу талтай. 

 

Мэс ажилбар хийлгэсний гаж нөлөө гэж бий юу?

Маш ховор боловч цооролт, цус алдалт бий болж болно. Цус алдалт үүссэн үед дурангаар эмчлэх боломжтой бөгөөд цооролт нь 3-5%-д тохиолддог.