Хорт хавдар

Ходоодны хорт хавдар (Gastric cancer)

Тодорхойлолт

Ходоодонд шарх юмуу булцруу байдлаар бий болдог ба түүнээс авсан эдийн шинжилгээнээс хорт хавдрын эс байгаа нь тодорхойлогдвол ходоодны хорт хавдар гэж нэрлэдэг. Ходоодны хорт хавдрын эс салст болон салстын бүрхүүлийн доод давхар хүртэл нэвчсэн байвал эхэн үеийн ходоодны хорт хавдар гэх ба түүнээс доош давхарга болон булчингаас цааш нэвчсэн байвал ходоодны хүндэрсэн хорт хавдар гэнэ.

 

Шинж тэмдэг

- Эхэн үеийн шинж тэмдэг: 75% нь шинж тэмдэг байдаггүй ба хэвлийн дээд хэсгээр эвгүйрч өвдөх, хоолны шингэц муудах, гэдэс цанхайх, хоолны дуршил буурах зэргээс үүдэн ходоод, 12 нугалаа гэдэсний хурц болон архаг үрэвсэл түүнтэй төстэй эмгэг өвчнөөс ялган салгахад бэрхшээлтэй байдаг. 

- Хүндэрсэн үеийн шинж тэмдэг: 12 нугалаа гэдэстэй холбогддог ходоодны гарах хэсгийн сфинктерт хорт хавдар бий болох тохиолдолд хоол хүнс дамжин өнгөрөхөд саад гарч бөөлжис хүрч бөөлждөг ба хорт хавдар шархалсан байвал цус гарах, цустай бөөлжих эсвэл өтгөн цустай гардаг. Биеийн жин буурдаг ба зүүн талын эгэмний тунгалагийн булчирхай тэмтрэгдэн баригдах тохиолдол ч байдаг. 

 

Шалтгаан-эрсдэлт хүчих зүйлс

- Хоол хүнсэн дэх хорт бодис: Түлэнхий мах, хэт давсалсан хүнс зэрэг нь нитросоамин хэмээх хорт бодисыг ялгаруулдаг.

- Гэдэсний метаплази: Ходоодны салстын эс гэдэсний эсээр өөрчлөгдсөн гэдэсний метаплазид ходоодны хорт хавдар их үүсдэг хэмээн тогтоогдсон байдаг. 

- Хелико бактерийн халдвар: Ходоодны салст бүрхүүлд амьдардаг мушгиралдсан хэлбэрийн нян нь ходоод болон 12 нугалаа гэдсэнд шарх үүсгэдэг нь тогтоогдсон. Энэ нянгийн халдвар аваад удсан тохиолдолд ходоодны хатингаршилт үрэвсэл эсвэл гэдэсний метаплазитай болж хорт хавдар үүсэх нөхцлийг бий болгож болно.

- Тамхи: Тамхи татах нь татдаггүй хүнтэй харьцуулахад ходоодны хорт хавдар тусах магадлалыг 2 дахин ихэсгэдэг нь батлагдсан.

- Ходоодны мэс засалд орж байсан, ходоодны хүчил буурах: Ходоод тайруулах мэс заслаас болж хүчил буурдаг ба хэрэв 15 жил өнгөрсний дараа эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар ходоодны хүчил буурахад хорт хавдар тусах магадлал ихэсдэг. 

 

Оношилогоо

- Ходоодны дурангийн шинжилгээ: Ходоодны хорт хавдраас гадна улаан хоолой, ходоод, 12 нугалаа гэдэс, хоол боловсруулах дээд замын бүх эмгэг өвчнүүдийг оношлох боломжтой ба тухайн өвчнөөс шалтгаалан эдийн шинжилгээ хийх боломжтой

- Ходоодны тодосгогчтой рентген: Радио идэвхт туяаны тусгай аппарат ба жижиг хэмжээний өөрчлөлтийг илрүүлэхэд бэрхшээлтэй ба өөрчлөлт байгаа тохиолдолд ходоодны дээд замын дурангийн шинжилгээ хийж, эдийн шинжилгээ хийх үе ч байдаг. 

- Дурангийн хэт авианы шинжилгээ: Дурангийн үзүүр хэсэгт хэт авианы багаж суурьлуулж хавдар ходоодны хананд хэр их гүн нэвчсэн эсэх мөн ойролцоох тунгалагийн зангилаандаа үсэрхийлсэн эсэхийг нарийн сайн шинжилдэг арга юм. Мөн хорт хавдрын эмчилгээний үед салстыг доогуур нь хуулан тайрах дурангаар мэс ажилбарыг хийж болох эсэхийг тогтоохын тулд ч хэрэглэдэг.

- Компьютер томограф (КТ): Хорт хавдрын эдийн нэвчилт, булчирхай дахь үсэрхийлэл, элэг болон хэвлийн гялтангийн үсэрхийлэл зэрэг хол зайны үсэрхийлэл үүссэн эсэхийг тогтоодог. 

 

Эмчилгээ

- Мэс засал: Эхэн үеийн хорт хавдар бол дурангийн мэс засал, хүндэрсэн хорт хавдрын хувьд голомтыг өргөн хэмжээтэй тайрч авах ходоод тайрах мэс засал хийнэ. 

- Хими эмчилгээ: Мэс заслын дараа хорт хавдар дахихаас сэргийлэхэд, мэс заслын өмнө хавдрын хэмжээг багасган мэс засал хийх боломжтой хэмжээнд хүргэх зорилгоор хими эмчилгээг хийдэг бөгөөд мэс засал хийх боломжгүй тохиолдолд хорт хавдрын өсөх хурдыг бууруулан амьдрах хугацааг уртасгах зорилгоор ч хийгдэнэ. 

 

Урьдчилан сэргийлэх

- Зөв хооллох: Хэт шорвог хоол, халуун хоол, түлэнхий хүнс, халуун ногоотой хоол хүнс хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.

- Витамин А,С,Е уух: Ногоон, шар өнгийн хүнсний ногоо, жимсэнд А, С, Е витаминууд их агуулагддаг ба хорт бодисыг дарангуйлдаг. 

- Тамхи татахаа болих.

- Тогтмол шинжилгээ: Шинж тэмдэг байхгүй байсан ч 40 наснаас хойш жилд нэг удаа тогтмлол үзлэг, шинжилгээнд хамрагдаж байх нь зүйтэй.